Пунцагийн Цагаан гэхээр Монголд мэдэхгүй хүн ховор биз ээ. Хуульч, эдийн засагч мэргэжилтэй тэрээр Ардчилал ялснаас хойш нэлээд том албан тушаалуудыг хашсаар ирсэн. Тэрээр хамгийн сүүлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаад 2016 онд өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөс хойш улс төрөөс хөндийрсөн гэж хэлж болно. Цагтаа Сангийн сайд, Боловсролын сайдаас авахуулаад Голомт банкны ерөнхийлөгч, Оюутолгойн Удирдах зөвлөлийн гишүүнийг албыг хашиж явсан П.Цагааны гэр бүл “Ачит ихт” хэмээх катодын зэсний үйлдвэрийг ажиллуулдаг билээ. П.Цагаан хоёр хүүхэдтэй. Түүний хүү болох Ц.Мөнхтүвшин Улаанбаатар хотод анх удаа “Steppe Arena” хэмээх маш том мөсөн цэнгэлдэх хүрээлэнг барьсан сүйхээтэй, боловсролтой эр бий. Боловсролын зээлийн сангаас зээл авсан суралцагчдын нэр зарлагдсаны дараагаар Ц.Мөнхтүвшин нь 2009 онд Арабийн нэгдсэн Эмиратын Дубай хот дахь Америкийн их сургуульд суралцахаар 16,000 долларын зээл авчээ. Түүний зээл БШУ-ны сайдын 2015 оны 7 сарын 1-ний өдрийн А/264 тоот тушаалаар “чөлөөлөгдсөн” байна. 2009 оны үед Ё.Отгонбаяр Боловсролын сайдаар ажиллаж байсан бол 2015 онд Боловсролын зээлийн сангаас хамгийн олон зээл олгосон ба 435 хүний зээлийг чөлөөлсөн гэгдээд буй Лу.Гантөмөр сайдаар ажиллаж байжээ. Харин 2009 оны үед П.Цагаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажиллаж байв. Тэгэхээр Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх асан хүүгийнхээ 16000 долларыг хувьдаа төлчих чадал, чансаатай ч бүр цаашлаад зээлийг нь чөлөөлсөн байх юм.
© 2022 Tusgaar.mn – All rights reserved.