Яг ямар үйлдлийг араар тавилт гэж тооцох вэ? гэдэг асуултын хариулт хүн бүрийн Тархин дотор өөр өөрөөр эргэлдэж байдаг. Зарим хүмүүс араар тавилтыг зөвхөн секстэй холбож ойлгодог бол зарим нэгнийх нь хувьд зүгээр харьцах, уулзах, чатлах зэрэг үйлдлүүд ч араар тавилт гэх ойлголттой тэнцдэг. Тийм учраас таны хувьд яг юу араар тавилт вэ гэдгийг яг таг тодорхойлж энэ талаараа хамтрагчтайгаа нээлттэй ярилцах нь зүйтэй юм. Зүгээр л цаг тухайд нь ярилцаагүйгээс болж санаандгүй бяцхан үйлдлээрээ хайртынхаа сэтгэлд сэв суулгачихвал яана.
ХӨӨРХӨН БАС ЗАЛУУХАН ХҮМҮҮС Л АРААР ТАВЬДАГ
Энэ ойлголт нь нөгөө л араар тавилт. Энд секс гэх ойлголттой холбоотой. Гэвч араар тавьж буй хүнд зөвхөн сексийн хамтрагч хэрэгтэй байдаггүй. Судалгаагаар бол харилцаа болон хамтрагчаасаа авч чаддаггүй, дутуу мэдрэмжээ гүйцээх сэтгэл зүйн зарим хэрэгцээгээ өөр хүний тусламжтайгаар хангах зэрэг асуудлууд араар тавилтад гадаад төрх нас зэрэг хүчин зүйлсээс хамаагүй том нөлөө үзүүлдэг гэнэ. Тиймээс асуудал маргаан бүрийг дор бүрд нь шийдэж сэтгэл дотроо гомдлоор дүүргэсэн хүнд ачаа тээж явалгүй зүгээр л мэдрэмж бүрээ цаг тухайд нь хайрттайгаа хуваалцдаг байх нь бидний заавал суралцах ёстой чадвар юм шүү.
БҮХ ЭРЧҮҮД АРААР ТАВЬДАГ
Эрэгтэй хүн гэхээрээ л эхнэрээ хуурах ёстой юм шиг, Эрэгтэй хүн гэхээрээ л олон бүсгүйтэй орооцолдох ёстой юм шиг, тэгж байж л эр хүн гэх нэр алдраа хадгалж чадах юм шиг бас зөвхөн эрэгтэй хүнд л секс хэрэгтэй юм шиг, байгалийн жам нь өөрөө эрэгтэй хүнийг араар тавихыг шаардаад байдаг юм шиг буруу ойлголт хаа сайгүй байдаг. Гэвч тийм найраа байхгүй ээ, найзууд аа. Хүн төрөлхтний амьтнаас ялгарах хамгийн гол онцлог бол оюун ухаан. Ухамсарт хүн бол харин өөрийгөө удирдах чадвартай байх ёстой. Хэрвээ хүссэн бүхэнтэйгээ унтаад байгалийн жамаар өгөгдсөн болгоноо ямар ч хяналт цензургүй ашиглаад байж болдог байсан бол оюун ухаанаар яах вэ дээ, тийм ээ. Тэгэхээр эр хүн л юм чинь гэдэг үг одоогоос амны тагтаа байхаа болилоо гэсэн үг шүү.
ЗӨВХӨН ЭРЧҮҮД АРААР ТАВЬДАГ
Өмнөх буруу ойлголтыг уншаад бослого гаргахаар зэхэж байсан эрчүүд байвал тайвшраарай. Тийм ээ, бүх эрчүүд араар тавьдаггүй бас зөвхөн эрчүүд араар тавьдаггүй. Эмэгтэй хүний зүгээс ч бас араар тавих үйлдэл гардаг. Судалгаагаар бол одоогоос 20 жилийн өмнө эрчүүдийн араар тавилт Харьцангуй их байсан бол өнөөдрийн байдлаар бол нэг их ялгараад байх юмгүй болсон гэнэ шүү.
АРААР ТАВИЛТ НЬ ХАРИЛЦААГ УЛАМ БЭХЖҮҮЛДЭГ
Сэтгэл зүйчид араар тавилт нь харилцааг бэхжүүлдэггүй харин ч ихэнх харилцаанд сөргөөр нөлөөлдөг гэж үзжээ. Яагаад гэвэл, нэгдүгээрт араар тавилтад өртсөн гэр бүлийн гишүүд сэтгэл гутралд өртөх өндөр эрсдэлтэй байдаг. Сэтгэл гутралаас болж амьдралын чанар хэрхэн муудаж болдгийг та бид харин сайн мэднэ. Хоёрдугаарт, араар тавилтын хохирогч араар тавилтаас болж авсан сэтгэл зүйн гэмтлээ эмчилж амжаагүй хэрнээ хамтрагчаа уучилчихсан гэж өөртөө итгүүлээд бодит байдлаас араар тавилтын тухай бодлоос тэр бүхнийг санагдуулах дурсамжаас гээд үнэн бүхнээс зугтаж эхэлдэг. Харин үйлдэгч маань өөрийгөө буруутгах мэдрэмжийн боол болох, өөрийнхөөрөө байж чадахаа болих, хамтрагчаасаа байнга эмээдэг, болгоомжилдог болох эрсдэлтэй. Энэ бүхэн харилцааг бэхжүүлнэ гэж үү дээ. Хэрвээ та араар тавилтын хохирогч эсвэл үйлдэгч болсон бол юуны өмнө энэ асуудлаас болж сэтгэлд чинь үүссэн шарх сорвийг эдгээхийн төлөө бас араар тавилт гэх зүйлийг бий болгоход нөлөөлсөн гол шалтгааныг амьдралаасаа гаргаж хаяхын төлөө мэрийх хэрэгтэй юм шүү. Шархалсан зүрхтэй удаан явбал өөрийгөө улам л зовооно. Харилцаагаа авч үлдэх үү? Эсвэл бүр цэг тавих уу гэдэг сонголт мэдээж та хоёрын гарт. Гэхдээ аль ч тохиолдолд эрүүл сэтгэл зүй хэрэгтэй гэдгийг санаарай.
#SexualityMongolia