Цагтаа Ардчилсан намын лидер, ирээдүйн удирдагч хэмээн нам төрдөө үнэлэгдэж явсан Сангийн сайд асан С.Баярцогтын нэр Боловсролын зээлийн сантай нэг биш хоёр биш бүр гурван удаа холбогдож байх юм. Учир юу гэвэл, Сангийн сайдын төрсөн гурван дүү болох Сангажавын Баярхишиг АНУ-ын Брижпортын их сургуульд суралцахын тулд 32,5 мянган ам.доллар, Сангажавын Баярмаа АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцахын тулд 32 мянган ам.доллар, Сангажавын Баярбат АНУ-ын Брижпортын их сургуульд суралцахын тулд 32 мянган ам.долларын зээл авсан боловч нэг нь ч эргүүлэн төлөөгүй байх юм.
Ах болох С.Баярцогт нь төрд өндөр дээд албан тушаал хашиж харин дүү нар нь алс холын оронд дээд боловсролыг төрийн мөнгөөр эзэмшжээ. Зөвхөн энэхүү жишээгээр Боловсролын зээлийн сан ямар хүмүүст зориулагдсаныг харж болох юм. Татвар төлөгч ард түмэн нэг айлын дөрвөн хүүхдийг өнгөтэй өөдтэй явуулах гэж өдөр шөнөгүй ажиллаагүй л байлтай.