“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайханыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө /Дубайн гэрээ/-г батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хууль бусаар бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас сэжигтнээр татаж, 2018 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр баривчилсан байдаг. Түүний дараагаар хэд хэдэн удаагийн шүүх хурлаар орж хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн “хэргийг хэрэгсэхгүй” болгосон билээ.
Энэ эрхэм сонин хэвлэлийн хуудаснаа Монголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга, “Нова Терра” компанийн захирал гэж бичигддэг байсан ч 2015 оноос эхлэн Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүн гэсэн алдрын эзэн болсон юм. Тодруулбал, Б.Бямбасайхан нь 2015 оны 8 дугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон байна. Эрдэнэс Монгол ХХК-д томилогдохоос ѳмнѳ Б.Бямбасайхан нь Улаанбаатар хотод төвтэй хөрөнгө оруулалтын удирдлага, санхүүгийн зөвлөгөөний “НоваТерра” компанийг удирдан ажиллаж байсан. Мѳн тэрээр Монголын технологийн хѳрѳнгѳ оруулалтын тэргүүлэгч компани болох “Ньюком Групп”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан төдийгүй “Мобиком Корпораци”, “Клин Энержи” зэрэг компаниудын ТУЗ-ийн даргаар ажилласан. Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас 19-р тойрогт нэр дэвшжээ. 2018 онд Халтмаагийн Баттулгын эрчим хүчний хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Тэгвэл арвин их ажлын туршлага, өндөр боловсролтой Б.Бямбасайхан нь 1998 онд Вашингтоны их сургуульд суралцахаар 46,197 ам.долларын зээл авснаа эргүүлэн төлөөгүйн дээр БСШУС-ын сайдын 2018 оны 8-р сарын 31-ний өдрийн А/555 тоот тушаалаар зээлээ чөлөөлүүлжээ.