Чежү хотод болсон соёлын солилцооны арга хэмжээний дараагаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч М орчуулагч охиноо хүчирхийлэхээр завдсан хэрэг тун саяхан гарсан билээ. Хэргийг БНСУ-ын цагдаагийн газраас шалгаж буй. Тэгвэл эл хэргээс улбаалан БНСУ-ын иргэд Монголын төрийн албан хаагчдыг өөрийн улс руу нэвтрүүлэхгүй байхыг шаардаж эхэлжээ.
Манай төрийн албан хаагчдын бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой анхны хэрэг энэ биш юм. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр “Korean air”-ээр нисэх үеэрээ онгоцны үйлчлэгчийн өгзөгт хүрсэн гэх хэргээр шалгагдаж долоон сая воноор торгуулсан билээ. Энэ мэт ичгүүртэй үйлдэл нь дан ганц төрийн үйл ажиллагаанаас гадна БНСУ-д суралцаж, ажиллаж буй олон мянган монгол иргэдийг ч хохироож буй нь харамсалтай.