Хувийн зэвсэгт хүчний Вагнер группийн тэргүүн Евгений Пригожин албан ёсны армийн удирдлагуудад дайн зарласны дараа Орос орон иргэний дайны ирмэгт тулаад байна.
Тэрбээр хөлсний цэргүүдийнх нь байрлалд пуужингийн цохилт өгсөн ОХУ-ын батлан хамгаалах яамны удирдлагуудыг хүчээр зайлуулахаа мэдэгдсэн юм.
25,000 цэрэгтэй байгаагаа мэдэгдсэн Пригожин өөртэйгөө нэгдэхийг Оросын ард иргэд, зэвсэгт хүчинд уриалжээ.
Үүний дараа батлан хамгаалах яам Вагнерын хүчний байрлалд пуужингаар довтолсноо үгүйсгэж, үүнийг “өдөөн хатгалга” гэж нэрлэсэн юм.
Пригожиний мэдэгдлийн талаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдээлэл авч, зохих арга хэмжээг авч эхэлсэн тухай Кремлийн ордноос мэдээлсэн байна.
Холбооны Аюулаас Хамгаалах Алба зэвсэгт бослогод хүмүүсийг уриалсан хэрэг үүсгэн Пригожинийг шалгаж эхэлжээ.
Пригожинд 12-20 жилийн хорих ял оноож болзошгүйг ОХУ-ын прокурорын ерөнхий газар сүүлд мэдэгдсэн байна.
“Пригожиний мэдэгдэл бол Оросын нутаг дэвсгэрт иргэний зэвсэгт мөргөлдөөн өдөөж, Украины нацист хүчинтэй тулалдаж буй Оросын цэргийн алба хаагчдын ар нуруунд хутгалсан үйлдэл юм” гэж Холбооны Аюулаас Хамгаалах Албаны мэдэгдэлд өгүүлжээ.
Украин дахь цэргийн тусгай ажиллагааны дэд командлагч Сергей Суровикин видео мэдэгдэлдээ ерөнхийлөгч Путиний тушаалыг биелүүлж, асуудлыг эв зүйгээр шийдэхийг Вагнер группийн хөлсний цэргүүдэд уриалсан байна.
Өвөр дээрээ автомат буу тавьж камерын өмнө суусан Суровикин “Та нараас зогсохыг би уриалж байна. Дайсан манай дотоод улс төрийн нөхцөл байдал хурцдахыг хүлээж байна. Энэ үед бид дайсны талд тоглох ёсгүй. Хэтэрхий оройтохоос өмнө үндэсний ашиг сонирхол, дэг журамд захирагдах хэрэгтэй. Ард түмнээс сонгогдсон ОХУ-ын ерөнхийлөгчийн тушаалын дагуу цуваагаа зогсоож, байрлалдаа буцаж, бүх асуудлыг тайван замаар шийдвэрлэхийг уриалж байна” гэж анхааруулжээ.
Үүнтэй зэрэгцэн нийслэл Москва хотын аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээ авч эхэлсэн байна.
Оросын үндэсний гвардын тусгай ангийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ. Дон дахь Ростов хотоос Аксай чиглэлийн M-4 хурдны замын хөдөлгөөнийг зогсоож, харуул хамгаалалтын хүчийг зузаатгасан байна.
ОХУ-д болж буй үйл явдлын талаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдээлэл авч, Цагаан ордон үйл явдлыг анхааралтай ажиглаж буй тухай CNN агентлаг албаны эх сурвалжаас мэдээллээ.
Пригожиний мэдэгдлийг “ердийн үг хэллэгийн хэм хэмжээг давсан” гэж албаны эх сурвалж дүгнэснийг CNN мэдээндээ дурдсан байна.
Эх сурвалж: ТАСС
Вагнерийн цэргүүд Ростов хотыг эзлэн авчээ. Вагнерийн байнгын байрлалыг Шойгугийн тушаалаар пуужингаар харвасан гэж үзсэнээс үүдэн бослого гаргаж эхлэв. Шойгу БХЯ-ны сайд болсноосоо хойш Сердюковын бий болгосон замбараагүйтлийг арилгахын тулд армийг маш хатуу гараар барих гэж оролдсон. Гэвч энэ нь офицерүүдийн бие даан шийдвэр гаргах, нөхцөл байдалд тохируулан ажиллах чадварыг бууруулж, армийн байлдах чадварт хүчтэй сөргөөр нөлөөлсөн нь энэ дайны үед олон ч тохиолдолд харагдаж байлаа. Харин Путин бүх тохиолдолд түүний толгойг илсээр өнгөрсөн нь хэт бие тооход нөлөөлсөн байдаг. Армийнхан ер нь Вагнерийг дэмжих янзандаа орчихов уу гэж харагдахаар байна. Москваруу Пригожин орж чадахгүй, хамагаалалт маш өндөр. Хүүхэд оюутнууддаа санаа зоволтгүй! Паникт авталгүй тайван байгаарай! Петербургт Вагнер цэргээ оруулсан гэх мэдээ байгаа ч үнэн эсэхийг мэдэхгүй. Эсэргүүцэл үзүүлж болохгүй гэсэн тул гал нээхгүй гэж мэдэгдсэн. Ростовоос иргэд эрчимтэй гарч байна